Монгол соёлыг өвлүүлэхэд эх хэлний гүйцэтгэх үүрэг Аливаа улс үндэстний дархлаа бол эх хэл мөн. Эртний Грек, Ромоос эхлэн одоогийн Грек, Италид өвлөгдөн ирсэн түүхэн соёл бол эх хэл нь билээ. Бид ч мөн адил өөрсдийн өнө эртнээс хэрэглэсээр ирсэн уйгуржин монгол бичгээс орчин цагийн кирил хувилбарт шилжээд байгаа юм. Хэл нь өөрөө тухайн улс үндэстнийг тодорхойлогч ба эрх чөлөө, аюулгүй байдал, тусгаар тогтнолыг яриа болон бичгийн хэлбэрээр илтгэж байдаг. Монгол эх хэл нь монголын соёлыг тэр чигт нь агуулсан хайрцаг юм. Монгол хэлнээс гадаад хэл рүү орчуулагдах боломжгүй ихэнхдээ монгол ахуй ёс заншлын хэрэглээний үгнүүд байдаг байна. Жишээлбэл, гэр гэдэг үг нь англи хэлэнд “ger” гэж бичигддэг. Учир нь зөвхөн монголд байдаг бусад улс үндэстний хувьд харь үг учраас ийнхүү махчлан орчуулдаг ажээ. Үүнээс үзэхэд хэлний ялгаа нь соёлын ялгааг үүсгэдэг гэж дүгнэж болохоор байна. Өнөө үед монгол хэл гэхээсээ илүү англи, хятад, герман зэрэг өндөр хөгжилтэй улс орны хэлийг ихээр сурах болжээ. Цэцэрлэгээс нь эхлүүлэн харь үсэг зааж, сургуульд нь ч гэсэн дүрэм яриа зааж явсаар бүгд л барууны орон, хөрөнгөтэй нийгэм тахин шүтэх болжээ. Том жижиггүй утсанд донтож, гадаадын элдэв соёлоос шамдан суралцаж, даган дуурайх болсон нь одоо нэгэнт ил болсон байна. Тухайлбал, Солонгос дуучдыг үлгэрлэн авч хүүхэд залуус маань үсээ будуулах, ханбуг өмсөх, уламжлалт барилга байшинг дуурайн барих болсон нь цөөнгүй билээ. Гадаадын хэв загвар, чиг хандлагаас суралцах нь нэг талаар зөв зүйтэй боловч нөгөө талаар төрөлх эх хэлээ хаях хандлага ихэссэн байна. Өдгөөгийн залуусын талаас дээш хувь эх хэлээрээ алдаатай бичиж, буруу ярьдаг болжээ. Монгол хэлний багшаар төгсөх хүмүүсийн тоо илт буурч залуус ЭЕШ-ээс илүү IELTS, TOFEL-руу хошууран гүйлдэх боллоо. Харин бусад улс орны иргэд дан ганц соёлоо хадгалан үлдэх бус тараан түгээх дэлгэрүүлж бусдыгаа татах аргаар мөнгө босгож улс орондоо хувь нэмэр оруулж байна. Англи улс л гэхэд өглөөний цайндаа жигнэмэг иддэг соёлоо дэлхий нийтийн дэлгүүр болгонд гардаг болтлоо сурталчлан ухуулан сэнхрүүлсэн байна. Энэ нь нэг төрлийн соёлын давамгайлал бий болгож өдгөө дэлхий даяар олон залуус англи орныг зорин сурах хүсэл эрмэлзлээр дүүрэн болжээ. Үүний гол нууц бол мөн л эх хэлээ түгээн таниулж өөрсдийгөө сурталчилснаар соёл нь тив алгасан өргөн тархсан юм. “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.” гэж Зориг агсан хэлсэн байдаг. Бидний дунд гадаад руу дутаах нэгэн байхад эх оронч, хөгжил нийгмийн эхлэл болсон залуус ч мөн гарч ирсээр байна. Монголчууд бид эх хэлээ сайн бат сурч хойч үедээ өвлүүлэн үлдээх нь тэднийг хэлээр дамжуулан монгол ёс заншилтай танилцан монгол хүн болон төлөвших үндэс болдгийг ойлгох хэрэгтэй. Үр ач нар маань монгол соёлоо дэлхийд таниулах гол суурь нь үүнд оршин буй. Төрөлх уянгалаг сайхан монгол хэл маань оршин байгаа цагт монгол орон минь амар тайван орших биз ээ. Эцэг өвгөдийн минь сүнс тайван нойрсох болтугай. Улаанбаатар хот 2023 он