Uploaded by uyngaganstog

Соёл судлал эссэ

advertisement
“Соёл судлал” хичээлийн эссэ
Лхагва гараг 14:20-15:50 цагийн лекц
МУИС-ийн ХЗС-ийн оюутан Б.Анар-Эрдэнэ 17b1num3267
Шашин бидний амьдралд ямар хэрэгтэй вэ?
(эссэ)
Бурхан бидэнд яагаад хэрэгтэй вэ? шашин бидэнд яаж нөлөөлдөг вэ? зэргийг шашин
бүхэн өөрөөр тайлбарлаж магадгүй. Гэхдээ би энэ удаад шашингүй үзэлтэн хүний өнцгөөс
шашин бидний амьдралд ямар үүрэгтэй вэ гэдэг тухайд өөрийн үзэл бодлыг эргэцүүлэх гэж
үзье. Хэрэв бид аливаа нэг хэм хэмжээ, дүрэм журам, зан үйлийн горимд захирагдахгүй
байх аваас бидний зөв ба буруугийн мэдрэмж нь зөвхөн бидний өөрсдийн үзэл бодолд
тулгуурлах байсан биз. Нацистууд бузар муу хүмүүс байгаагүй харин тэд өнөөгийн олон
үнэт зүйлстэй тохирохгүй үнэт зүйлстэй байсан гэж үздэг хүмүүс ч байдаг. Миний
таамаглал бол шашин бол хүний бүтээл юм.
Хүн бол төрөлхийн аминч үзэлтэй бодгаль юм. Бид анхнаасаа зөв буруугийн талаар
мэдлэгтэй төрдөгггүй. Өөрийн аливаа үйлдлийн зөв буруу эсэхийг хүн амьдралынхаа
туршид олж авсан туршлагад тулгуурлаж өөрийн ёс суртахууны хэмжээсийг хэлбэржүүлж
байдаг. Хэрэв бид зөвхөн өөрсдөдөө найдахаас өөр аливаа нэг итгэж найдах зүйлгүй байх
аваас хүн төрөлхтөн төөрөгдөлд орох байсан биз. Хүн сайн, муу төрснөөсөө биш, харин
бусдын түүнд хандах хандлага, тэдэнд зааж сургасан үнэт зүйл нь л тэднийг хүн болгож
өгдөг байх.
Шашин нь олон нийтийн дагаж мөрддөг олон дүрмүүдтэй байдаг. Эдгээр дүрмүүд
нь шийтгэх болон урамшуулах санкц бүхий эрх зүйн эх сурвалж болох бичмэл хуулиудаас
ялгаатай нь шашны дүрмүүд бол цэвэр хүний итгэл үнэмшил дээр тулгуурлаж байдаг юм.
Эцэг эх нь огтоос хараа хяналт тавьдаггүй айлын хүүхдүүдээр жишээ аваад үзье. Хэрэв
хүүхэд эргэн тойрон гүйж, хүссэн зүйлээ ямар нэг хяналтгүй хийж эхлэх аваас тэд нэг бол
өөрсдийгөө эсвэл бусдыг аюулд оруулах болно. Хүүхдүүдэд багаас нь зөв бурууг
ойлгуулахад гэр бүлийн хүмүүжил буюу анхдагч нийгэмшил нь асар чухал үүрэгтэй байдаг.
Тэдний зөв үйлдлийг урамшуулж, буруу үйлдлийг нь засах үүрэгтэй хүмүүс бол тэдний эцэг
эх юм. Шашин бол үүнтэй агаар нэг зүйл юм. Төрөлхийн аминч зантай хүн төрөлхтний
аливаа буруу үйлдлийг нь хязгаарлаж, зөв үйлдлийг нь урамшуулан дэмжих ямарваа нэг
хүчний нөлөө зайлшгүй байх шаардлагатай. Энэ нь тэдэнд амьдрах арга зам, зан үйлийг нь
номлож байдаг билээ.
Шашин бол эрх зүйт ёс бүрэлдэн тогтож, биднийг хууль шийтгэдэг болохоос өмнө хүн
төрөлхтөнд хулгай хийж, хүн алж болохгүй гэдгийг номлосон зүйл юм. Хууль нь бидэнд
юу хийж болох юу хийж эс болохыг зүгээр л тулган заадаг бол шашин яагаад бид энэ
зүйлийг хийх ёстойг тайлбарлахыг хичээдэг. Хуульд эдгээр зүйлсийг битгий хий гэсэн заалт
байдаг тул бид үүнийг хийдэггүй, энэ нь хангалттай үндэслэлтэй боловч ихэнх хүмүүсийн
хувьд хэтэрхий хар, цагаан байдаг гэж хэлж болно. Хуулиар заасан болохоор бид зарим
зүйлсийг огтоосоо хийж болохгүй гэдгээ сайн мэднэ. Гэвч гэмт хэрэг, аймшигт
хүчирхийллүүд гарсаар л байдаг. Энэ бол тэдгээр гэмт этгээдүүд хуульд заасан зүйлийг
биелүүлэхийг хүсэхгүй байгаагаас гадна үр дагавраас нь төдийлэн айж эмээхгүй байгаагаас
гэж би боддог. Хуулиар оноосон ял шийтгэлийг эдэлнэ гэхээс илүүгээр шашин номд заасан
зүйлийг зөрчихөөсөө айдаг хүмүүс ч бий.
Дэлхий даяар 10 хүн тутмын 8 нь аливаа нэг шашны урсгалын бүлэгт хамаардаг гэдэг нь
дэлхийн 230 гаруй оронд судалгаа хийсэн Pew судалгааны төвийн судалгаанаас харагдаж
байна. Уг судалгаагаар дэлхий даяар 5.8 тэрбум шашинд итгэж, аливаа байдлаар
холбогддог насан хүрэгчид болон хүүхдүүд байна гэж тоо гаргажээ. Энэ нь дэлхийн нийт
хүн амын 84 хувь юм. Энэ бол асар их тоо юм. Тэгвэл шашин биднийг ёс зүйн хэв горимд
оруулахаас гадна өөр ямар чухал ач холбогдолтой вэ?
Бид бол нийгмийн амьтад билээ. Өдөр тутамдаа хийж заншсан зүйлсдээ илүү
ээнэгшиж дасал болсон байдаг. Бага балчир насандаа танил дасал болсон зүйлсдээ хүн
насан хүрсэн хойноо ч найдаж, тэр зүйлтэйгээ илүү ойр дотно байдаг. Энэ ижил дасал болох
мэдрэмж нь шашин шүтлэгтэй хүмүүст ихээхэн анзаарагддаг. Хэн нэгний ямар шашинтай
болох нь бодож тунгаасны эцэст сонголт хийх процесс гэхээс илүүтэй тэдний төрж өссөн
гэр бүл, нийгмийн бүлгүүдийн нөлөөллөөс ихэнхдээ хамаардаг гэж би боддог. Христосын
шашинтай гэр бүлд төрж, хүмүүжсэн хүүхэд адислал хүртэх гэх мэт шашны зан үйлд ухаан
орохоосоо ч өмнө ижил дасал болсон байдаг. Энэ нь тэрнийг сонголт хийх чадвар бүхий
насанд хүрэхээс ч өмнө шашны нөлөөлөл түүний хүрээлэн буй орчинд хэдийн нөлөөллөө
тогтоож буй явдал юм. Хэн нэгний шашин шүтэх эсэхэд гэр бүл, төрсөн бүс нутаг нь асар
их нөлөөлдөг байна. Багаасаа энэ бүх шашны зан үйл, үзэл сурталд дасан зохицсон хүүхэд
тэрхүү шашныг гэх итгэл үнэмшилтэй нэгэн болж хүмүүждэг биз.
Түрүүн дурдсан шиг хүмүүс бид байнга хийж дасал болсон зүйлдээ татагдсан байдаг.
Шашин бол итгэх, итгэхгүй гэсэн тийм жижиг хүрээний ойлголт биш юм. Шашин бүхэн
өөрийн гэсэн зан үйлтэй байдаг. Тэдгээр зан үйлийн цогцуудыг хийж дадсан хүмүүс
тэдгээртээ дасан зохицсон байдаг байна. Шашны тэмдэглэлт баярууд, шашны холбогдолтой
соёл, дуу, бүжиг зэрэг зүйлс нь тэдгээр шашны итгэгч нарын тархинд аз жаргалын гормон
ялгаруулж, хооронд нь илүү ойр дотно болгодог байх гэж би боддог. Энэ нь нөгөө талаараа
хүмүүсийг нэгтгэж, эв нэгдэлтэй болгож буй чухал шашны чиг үүрэг юм.
Гэвч хүн төрөлхтний түүхээс харахад шашин нь үргэлж хүмүүсийг нэгтгэж явсангүй. Өөр
өөр шашны урсгалуудын хоорондын дайн, тэмцэл нь хүн төрөлхтнийг бутаргаж байсан түүх
дэндүү их. Үүнд шашны гаж буруу урсгалын нөлөө ч ихээхэн оролцоотой байдаг. Гэхдээ
ямар ч тохиолдолд шашин гэдэг зүйл бидний амьдралаас хэзээ ч алга болохгүй байх гэж би
боддог.
Хүн бол төрөлхийн асар сониуч бодгаль юм. Бид үргэлж аливаа зүйлсэд хариулт
болон гарц хайсаар ирсэн. Гэвч байгаль дэлхий бол тийм ч тайлбарлахад хялбар, энгийн
зүйл биш билээ. Хорвоо ертөнцийн мөн чанарыг таних гэсэн оролдлогууд үргэлж
хариулттай байгаагүй нь мэдээж. Тиймээс хүмүүс голын сүнс, чөтгөр, албин гэх зүйлсэд
итгэж ирсэн байдаг. Дэлхий даяар хүмүүсийн дунд энэхүү mythological creatures гэх
зүйлсийн тухай яриа, домог газар сайгүй байсаар иржээ. Аливаа шашин нь хүмүүст тэдний
ойлгож үл чадах хүн төрөлхтний оршихуйн тухай асуултуудад нь хариултыг өгдөг байна.
Хүн яаж үүсэж бий болсон, хүн үхээд түүний дараа юу болдог тухай, там ба диваажин,
дахин төрөлт гэж байдаг уу гээд шинжлэх ухааны хариултыг нь өгөх боломжгүй зүйлсийн
хариултыг шашин өгдөг. Тэдгээр нь үнэн худал эсэхээс илүүтэй түүнд итгэж буй
хүмүүсийн итгэл үнэмшил л гол нь юм. Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг тул эдгээр зүйлсийн
тухай авах хариулт нь тэдгээр хүмүүст хэрхэн амьдрах тухай хамгийн чухал чиглэлийг
өгдөг биз.
Шашин нь үнэт зүйлийг бидний дотор төлөвшүүлэхэд тусалдаг тул бид өөрсдөө сонголтоо
хийх чадвартай болдог. Жишээлбэл, хуулинд алж болохгүй гэсэн байж болох ч шашин
бидэнд амьдралын ариун байдлыг заадаг тул хэрэв бид мянга мянган хүнийг аврахын тулд
ганц хүний амийг хороох хэрэгтэй байсан бол шашин нь бидэнд сонголт хийх боломжийг
олгоно. Гэхдээ одоо цагт олон хүний амийг аврахын төлөө нэг хүний амийг хөнөөсөн байлаа
ч тэр бол гэмт хэрэг болох юм. Энд л шашин болон эрх зүйт ёсны зөрчилдөөн үүсч буй юм.
Өнөөгийн эрх зүйт төр бүхий ардчилсан нийгэмд төр болон шашин хоорондын харилцаа
ихээхэн төвөгтэй байдаг.
Таны шашны талаарх үзэл бодол ямар ч байлаа гэсэн шашны талаар туйлын үнэнг
олох гэсэн мэтгэлцээн бол хүн төрөлхтний хувьд хэзээ ч төгсөхгүй тийм л мэтгэлцээний
сэдэв байсаар байх болно. Дэлхий бөөрөнхий гэдэгт одоо ч итгэдэггүй хүмүүс мэр сэр
байсаар л байдаг. Огторгуй ертөнцийн талаар үгүйсгэдэг хүмүүстэй мянга шинжлэх ухааны
нотолгоо, онол яриад амжилтыг олохгүй л болов уу. Энэ нь л өнөөх итгэл үнэмшил гэдэг
зүйлийн агуу их хүч нь байхдаа. Эцэстээ бүгд л хүссэн хүссэндээ итгэж, түүнийг нь бусад
нь хүндэтгэж байгаа цагт асуудлууд байж болох хамгийн бага төвшинд байна гэдэгт би
итгэдэг.
Download